Өвөрлөгч эртэй суусан биш, элдвээрээ хэлүүлж яваа дуучин С.Сэрчмаагийн хувийн амьдрал бусад хүнд уран бүтээлээс нь илүү сонин байдаг бололтой. "Сая саяар нь мөнгө нэхэж даварсаар байгаад нөхөртөө хаягдсан”, "Нөхөр нь нялх охиноо тэврээд С.Сэрчмааг орхиод зугтжээ”, "Дуучин бүсгүй нөхөр, охиноо хайж хятадын консулын газраар уйлж дуулж явна”, "Уурласандаа болоод нөхрийнхөө үнэтэй машины шилийг хагалаад шүүхэд дуудагджээ” гэх мэт олон яриа өвсөнд ассан түймэр шиг л дэгдлээ. Гэтэл саяхан түүний нэр ус хүртэл урьд нь өөр байсан гэж шуугиад авсан. Дуучин бүсгүйг хятадын эрлийз хэмээн харддаг хүмүүсийн хувьд, энэ мэдээлэл харин ч бүр аазгайг нь хөдөлгөсөн байх. Түүнийг анх төрөхөд нь нэгэн төвд лам Алтан-Эх хэмээх нэр хайрласан ч өвчин хууч ороогоод салахгүй болохоор нь өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ. Тиймээс анхны нэртэй утга нийцэх нэгэн нэрийг бодож олсон нь Сэрчмаа байж. Хувийн амьдрал хийгээд багын түүх нь хүртэл ийнхүү янз бүрээр "өрнөж” байгаад дуучин бүсгүй маань харин юу бодож байгаа бол доо...
|