Улаан шаргал гэрийн халаадтай эмэгтэй хаалга тайлж, даруухнаар мэндчилээд цааш эргэв.
Тэрээр явуут дундаа "Өвгөөн, зочин ирлээ” гэж дуулгалаа. Том өрөөний хойморт намбайн суух луухгар эр мөн л аядуу намуунаар амар мэнд мэдээд өөртэйгөө ойр суухыг урив. Т.Найданжав хэмээх эл эрхмийг Монголын ард түмэн бүтээлээр нь сайн мэдэх билээ. Авьяас билгээрээ ая данг нь зохируулан тааруулсан "Амьдрал”, "Хайрын орчлон”, "Ботгоны дуу” зэрэг бүтээлүүд нь С.Жавхлан тэргүүт зохиолын дуучдын нэгэн цагийн нэрийн хуудас болж байсан. Нэгэн цагийн ч юу байхав дээ, одоо хэр нь дуулагдаж л байгаа билээ. Хэдэн жилийн өмнө Т.Баясгалан "Ботгоны дуу”-г нь дуулж, "Морин хуур” наадмын дэд байрын шагналыг хүртэж байсан санагдана.
Мань хүн "Морин хуур”-т хэд хэд айрагдсан. Харин 2007 онд байна уу даа, "Морин хуур”-ыг ард түмний наадам болгож олон номинациар шилдгүүдийг шалгаруулахад хайрын дууны төрөлд хадагтай хуур гардсан. Тэр нь болов уу, зочны өрөөнийх нь хойморт морин хуур залаастай байна. "Аавынхаа өсч төрсөн нутагт ургийн баяр хийх гээд ойрдоо их л завгүй байна” гэж хөгжмийн зохиолч өгүүлэв. Аавыг нь мэдэх хүмүүс нь бас л мэднэ дээ. Туваанжав генерал гэж хийморьтой сайхан эр байсан сан. Дээхнэ үед "Армийн арван зургаан генерал” хэмээн домог шиг л яригддаг байсан. Тэдний нэг яалт ч гүй Найданжав хөгжмийн зохиолчийн аав Туваанжав агсан юм. "Аав тань Архангайн хүн байх аа” гэхэд, Тийм ээ, Архангайн Өндөр-Улааных юм. Тэнд л ах нь ургийн баяр ирэх сарын эхээр хийчих санаатай түмэн завгүй явна даа гэв.
Гэрийн эзэгтэй өнөө улаан шаргал халаадаа намируулсаар цай цүй болоод явчихав. Залгуулаад хиам талх, нэг мэдэх нь баахан өндөг шараад өмнө минь тавьчихлаа. Явуут дундаа энэ тэрийг ярьж, асуусан асуулт бүрт минь энгийн сайхан хариулт өгч урлагийн хүн гэсэндээ өөрөөсөө зөөлөн дулаахан энерги цацраах ажээ. Ер нь өнжиж буй айлын эзэд их урлагийн галын дэргэд ойр яваа хүмүүс учир нэг л гэрэлтэй тунгалаг хийгээд хөгжмийн ая эгшиг дуурьсаж, жүжиг, киноны дүр амилаан байдаг нь төдөлгүй мэдрэгдсэн юм аа.
Гэрийн эзэгтэй М.Саранцэцэгийг бид "Хэцүү анги” киноны Сүнжид багшийн дүрээр сайн мэдэх билээ. Тэрээр өмнө нь хэд хэдэн кинонд дүр бүтээсэн ч ард түмний сэтгэлд Сүнжид багшийн дүрээр шигтгэгдэн үлдэх учиртай байж. Цай цүй гэж галынхаа өрөөгөөр багагүй салхилсны дараа сая л нэг амсхийв бололтой. Ханийнхаа дэргэд ирж суулаа. Жижиг хар цүнхээ ухаж байснаа "Өө, "Нэг, хоёрын, гурав аа” киноны эх зохиол надад байгаа юм байна шүү дээ” гэв. Уг кинонд Сараа эгчийг тоглуулах гэж уран бүтээлчид нь ихэд мэрийжээ. Гэвч мань хүн тоглоогүй гэсэн. Ярианаас нь анзаараад байх нь ээ, "Рашаантын 18″ гэсэн кинонд тоглох гээд дээрх бүтээлээс бултсан юм уу даа. "Рашаантын 18″ кинонд дүр бүтээхийн зэрэгцээ зургийн даргаар ажилласан гэж байгаа. Дуучин Т.Баясгалан уг бүтээлийг нь ивээн тэтгэсэн юм билээ. "Баясаа бид уран бүтээлийн сайхан найз нар аа” гэж байсан.
"Хөгшөөн, маргааш өглөө эртхэн гараад давхичихна ш дээ. Юм хум бэлэн үү” гэж хөгжмийн зохиолч эр ханиасаа асууж байна. Сүнжид багш "бэлээн” л гэв. Хаашаа явах гэж буйг нь тодруулж хэрэгт дурлавал "Ах эгч хоёр нь Жаргалант гараад давхичихна аа. Тэнд манай адуу мал байдаг юм” гэв. Адуугаа эргэх гэж байгаа юм даа янз нь гэж бодтол бас үгүй юм аа. Хурганы засаа идэх гэж байгаа бололтой дог оо.
"Гэрт зочин ирж өнжиж байхад хоёулаа хэн хэнийгээ харж дүмбийж суугаад яахав. Гэр орноо, ховор нандин эд зүйлээ танилцуулна аа хө” гээд гэрийн эзэн ухасхийв. Юу юугүй Сараа бид хоёрын өрөө энэ гээд унтлагынхаа өрөө рүү шуударлаа. Эхлээд орны дээд талын ханаар үргэлжлэн байх жаазтай зурагнуудыг танилцуулав. Генералын мөрдэс мөрөн дээрээ гялалзуулсан аавынхаа хөргийг бүх зурагны дээд талд байрлуулжээ. Дараа нь ээж, ах нартайгаа авахуулсан зураг нь байна. Т.Найданжав хөгжмийн зохиолч эхээс наймуулаа юм байна. Долоон эрэгтэй, ганц эмэгтэй төрсөн гэдэг. "Уул шиг ханагар сайхан ах нараа эхнээс нь алдаж байна шүү” гэж харамсангуй өгүүлсэн.
Уг зурагнууд дунд сонин содон хоёр зураг зэрэгцэж байсан нь шууд л нүдэнд тусна. Тэр бол гэрийн эзэн, эзэгтэй хоёрын дөнгөж нийлж байх үеийн цэл залуугийн хөргүүд. "Манай хүн дөнгөж арван долоотой, Эрдэнэтийн аравдугаар ангийн сурагч байхдаа…” гээд нүдээрээ инээмсэглэсэн дугариг цагаан охины хөргийг заалаа. "Арван долоотой байх даа” хэмээн багагүй акценттай хэлээд байгаа нь цаанаа учиртайг нь илт гадарлалаа. Мань хүн сурагчийн формтой жаахан хүүхэд байхад нь толгойг нь уургалсан аж.
Өөрийнхөө залуугийн зургийг заагаад бас л дөнгөж хорь шүргэж байлаа даа гэтэл цаанаас гэргий нь "за Найдаа болиорой, наад зураг дээрээ чи хорин хоёр, гурав хүрчихсэн байсан шүү. Намайг хар нялхаар нь авчихаад” гэж цаашлуулав.
Хөгжмийн зохиолчийн хобби нь ан хийх гэнэ. Ааваасаа өвлөсөн зүйл ч гэж хэлж болохоор. Унтлагынхаа өрөөний шкафны цаад мухарт байх цагаан саарал, уртаа гэгч төмөр сейфийг бага охиноороо түлхүүр авчруулж байгаад онгойлголоо. Гурван буу эгнээтэй байж байна. Сүртэй ч харагдах шиг. Дээд талд сумнууд нь бас л эгнээстэй шаргалтаж байх. Эхний бууг авч сонирхууллаа. "3006 гэсэн ангийн зориулалттай буу аж. Багадаа аавыгаа дагаад Ёндон, Авхиа хэмээх лут генералуудтай хамт анд явдаг байжээ. Төмөр сейфний дээд талын эгнээстэй сумнуудын цаанаас ухаж байгаа жижиг гар буу гаргаад ирлээ. Ааваас нь өвлөгдөж үлдсэн гэнэ. Өмнө нь хүнд үзүүлж байсангүй дээ гэж байна. Уг гар бууг Чехийн Батлан хамгаалахын сайд Туваанжав генералд бэлэглэж байсан түүхтэй юм байна.
Гэрийн эзэгтэй "Уул нь энэ өрөө бид хоёрын л дундын өмч байгаа юм. Тэгтэл манай хүн л бараг өмчилчихсөн. Харахгүй юу…” гээд босоо толины доод талын шүүгээнүүдийг татаж үзүүллээ. Түүнд ангийн дурангаас аваад дандаа Найдаа ахад холбогдох зүйл байна аа. "Би чинь айлын эзэгтэй байна даа. Гоо сайхны эд хэрэглэл, будаг шунхаа хиймээр байдаг” гэж олны хайртай Сүнжид багш гомдлонгуй өгүүлсэн.
Тэднийх гурван хүүхэдтэй юм байна. Том хүү нь хэдийнэ тусдаа гарчээ. Түүний дараагийн охин Бүжинлхам мөн л гэр бүл, үр хүүхэдтэй болоод авч. Бага охин Шинэцэцэг нь аав ээжтэйгээ байдаг аж. Өнөө жил Монгол-Энэтхэгийн хамтарсан дунд сургуулийг дүүргэж байгаа юм байна. Шинээ охин ямар сургуульд орох гэж байна даа гэснээс үүдэн нэгэн яриа өрнөлөө. Гэрийн эзэн бага охиноо улстөрч болгоно гэж үзэв. Ээж нь болохоор "Улс төрөөр юугаа хийхэв дээ, Найдаа минь. Солонгос руу сургуульд явуулна” гэж зүтгэв. Мань хоёр бага охиноо ямар мэргэжилтэй болгох тал дээр багагүй санал зөрөлддөг бололтой.
Сүнжид багш нөхөртөө хандан "Малгайнуудаа танилцуулахгүй юм уу. Манай хүний нэг хобби нь малгай цуглуулах. Төрөл бүрээрээ байгаа. Би учрыг нь олдоггүй юм аа” гэв. Ийн хэлэхдээ ханийгаа хөөрхөн егөөдөөд авах шиг болно лээ.
Найданжав хөгжмийн зохиолч тэр бүр олны өмнө ил гараад байдаггүй. Тун чиг даруухан нэгэн. Харин хаа нэг томоохон тоглолт, цэнгүүн дээр очихдоо бүрх хар малгай духдуулж, хар эсвэл хүрэн өнгийн нүдний шилтэй явж байдаг нь тухайн агшинд зурсхийгээд өнгөрөв. Босоо толины өмнө гурван ч малгай харагдана. "Энэ нь сатай, энэ нь жонон хийцийнх юм” гээд л танилцуулж гарлаа. "Энэ нөхөр манж талдаа орчихоод би жаахан голонгуй байгаа. Уул нь материалыг нь өгөөд хүнээр жар, далан мянгаар хийлгэсэн юм. Гэтэл хийц маяг нь санаанд хүрч өгдөггүй” гээд бас нэг малгай заагаад авсан.
Эднийд байдаг хамгийн үнэ цэнэтэй зүйл нь ургийн бичгээ тов тодорхой өгүүлсэн улаан хавтастай зузаан ном ажээ. Уг үнэт бүтээлийг судар баринтаглан том өрөөнийхөө хойморт залсан нь нэгийг өгүүлнэ. "Хөгшөөн, өнөө авч явахаар бэлдээд байгаа медалиуд хаана байгаа билээ” гэж гэрийн эзэн гэргийгээсээ асуугаад чих тавилаа. "Би яаж мэдэхэв дээ, чи өөрөө хаана хийсэн юм” хэмээх хариу ирэв. "За байз би хаана хийчихлээ дээ” гэж Найдан ах амандаа өгүүлснээ, өө тийм гээд урд талын өрөө рүү орлоо.
Юун медаль юм бол доо, шагналынхаа тэмдгүүдийг хэлээд байгаа юм болов уу гэж эргэлзэнгүй байтал хөгжмийн зохиолч дөрвөлжин хөх хайрцагнаас морины медалиуд гаргаад ирэв. Ургийн баярынхаа үеэр их нас, соёолон морьдын уралдаан зохион явуулах гэнэ.
"Уул нь азарга, их нас, соёолон гэх гурван насны морьд уралдуулъя гэж бодсон. Тэгтэл азарга лүд чинь одоо яг ороо нь ордог юм байна. Тэгээд их нас, соёолон дээр тогтсон. Түрүү морьдод алтан медаль өгнө. Хоёроос тавд давхисан, үндсэндээ айрагдсан морьдод дандаа мөнгөн медаль өгнө. Хүрэл медаль өгөхгүй. Би ер нь хүрэлд дургүй” гэв. Тэгэхээр Арын сайхан хангайд зургадугаар сарын эхээр болох ургийн баярт айргийн тавд давхисан морьд цалин цагаан мөнгөн медаль зүүгээд буцах нь ээ, янз нь.
Зураг авахуулах юм боллоо. Сараа эгч "Алив Найдаан, наад нэг цамцаа сольчихооч, үүнийг өмс” гээд цамц авчирч өгөв. Хөгжмийн зохиолч болохоор "зурагтаар гарах гэж байгаа биш, зурган дээрээ юутай ч байсан яадаг юм” гэсэн аястай хээвнэг зогсоно. Тэр хооронд Сүнжид багш хувцсаа хэд хэд солиод авч байгаа юм. Эмэгтэй хүний зан л даа, нэг хувцас өмсч толинд харснаа, үүнийг өмсөхгүй ээ гээд унтлагынхаа өрөө рүү орно. Эргээд өөр өнгийн өөр цамц өмсөөд гараад ирнэ. Бас л солих болно. Тэгж тэгж ганц нэг зураг авлаа.
"За миний дүү, одоо жаахан сууж тухал. Том сонины сэтгүүлч манайхыг зорьж ирлээ гээд бид хоёр чинь хамаг байдаг бүхнээ үзүүлж, өмнө хойно чинь шогшлоо. Одоо эгч чинь хоол хийнэ” гэв. Бас чиг үгэн дундаа егөөдөл хавчуулахаа мань хүн мартсангүй. Хөгжмийн зохиолч гал тогоо хавиараа эргэлдэж, манайх чинь өнөөдөр хоол унд юутай байгаа юм бэ. Алив, Сараа минь наад хувцас хунараа одоо боль, зураг хөргөө авахуулж болсон биз дээ. Хоол ундны ая бод гэж байлаа.
Үдийн алдад хөгжмийн зохиолч, гэргийнхээ хамт гарахаар боллоо. "Сараагийн машиныг янзлуулахаас. Зочинтойгоо хамт гаръя. Маргааш хөдөө явахад унаа машин ян тан байх ёстой” гээд түрүүлээд гараад алга болов. Ерөнхийдөө аливаад жаахан яарангуй, за тэгээд хол замд гарахын өмнө бүх ажлаа жимбийлгэдэг нь Найдан ахаас нэвт шув харагдаж байлаа. "Манай хүн ингээд түрүүлээд алга болдог юм. За хоёулаа яарахгүй бол цаад чинь уурлаж ч байж мэднэ шүү” гэж Сараа эгч өгүүлээд мушилзаж байна.
Гэрийн эзэн "55-99″ гэсэн дугаартай жийпнээсээ ойр зуурын зүйл авч дэргэд нь байх гэргийнхээ машин руу шилжив. Сүнжид багш уг бага гарын жийпийг өнгөрсөн жил авчээ. Өмнө нь жижиг тэрэгтэй байсан гэнэ.
Машин засварын газар руу явах хооронд янз бүрийн л яриа өрнөв. Сүнжид багш "Танай Жавхаа нэг л биш ээ” гэхэд хөгжмийн зохиолч "яасан” гээд дурамжхан байна. "Амьдрал” хэмээх дууг нь олны хүртээл болгож, хэдэн оны ч билээ дээ, нийтийн шилдэг дууны эзэн болгуулж байсан дуучин дүүтэй барагтай бол хир халдаадаггүй аж.
"Жавхлан бол ард түмний хайртай дуучин хэвээрээ л байна. Өнөөдөр яахав, залуу хүн нийгэмд үгээ хэлэг, үзэл бодлоо илэрхийлэг, хувь хүний л асуудал ш дээ. Ер нь энэ хүү өнөө цаг үеийн Адарсүрэн шүү” гээд бүр адраад авлаа. Хөгжмийн зохиолчийг засварын газар орох хойгуур гэргийтэй нь машин дотор ярилцсан юм.
-Найдан ах түрүүнд "манай хүн арван долоотой байхад…” гээд байсан. Ханьтайгаа хэзээ анх танилцаж гэр бүл болж байснаа дурсахгүй юу?
-Миний бие есдүгээр ангиа төгстөлөө хотод суралцсан. Аравдугаар ангидаа Эрдэнэтэд очиж суралцсан юм. Ээжийн маань том ах тэнд Аюулаас хамгаалахын дарга болоод өнчин өрөөсөн намайг дэргэдээ авахгүй юу. Тухайн үед Эрдэнэтэд арван жилийн ганцхан сургууль л байлаа. Төгсөлтийнхөө баярын үдэшлэг дээр анх ханийгаа харж байлаа. Манай хүн чинь тэгэхэд "КУМА” хамтлагт хөгжимчин байсан юм. Бидний хонхны баяр дээр ирж хөгжим тоглохгүй юу. Найдаагийн төрсөн дүү нь манай нөгөө ангид байв. Нансалмаагийн ах л гэж бодохоос цаашгүй. Тэгтэл намайг эргүүлээд. Би чинь ичээд бултаж зугтдаг байлаа.
-Жүжигчин болох гараагаа яаж эхлэв?
-Аравдугаар ангиа төгсөж байх үед Г.Доржсамбуу багш тэргүүтэй хүмүүс Эрдэнэтэд очоод кино драмын ангид хүүхэд шалгаруулж авна гэдэг юм. Манай ангийнхнаас ихэнх нь шалгалт өгтөл би тэнцчихдэг юм. Тэр үед миний төрсөн ах Баярсайхан кино драмын ангид төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам, гавьяат жүжигчин Ж.Сүххуяг нартай хамт суралцаж байлаа. Манай Баяраа ахыг хүмүүс "Гарын таван хуруу” киноны том бандийн дүр, мөн "Мандуй цэцэн хатан”-ы Сатай багшийн шавь, "Ирэх хаврын цэцэг”, "Цэрэг эрсийн жирийн өдрүүд” зэрэг олон сайхан кинонд дүр бүтээснээр нь мэдэх байх. Баяраа ахдаа кино драмд шалгалт өгснөө хэллээ. Хүлээж авсангүй. Тэгэхээр нь гэрийнхнээсээ тас нуучихлаа. Сургуульд ортлоо нууж явсан шүү.
-Кино драмын ангийнхан гэвэл хэн хэн байна?
-Драмын театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, Төв аймгийн театрын дарга, мөн урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг, хошин урлагийн нэртэй төлөөлөгчид болох С.Лхагвасүрэн, Ааяа буюу Ш.Алтанцэцэг гээд олон хүн байна аа.
-Та Ааяатайгаа хэр дотно байдаг бол оо. Бөө болчихсон гэж хүртэл дуулддаг байсан. Саяхан тайзан дээрээ тоглож байгаа харагдана лээ?
-Уулзалгүй яах вэ. Бид хоёр чинь Эрдэнэтээс хамт Улсын багшийн сургуулийн кино драмын ангид ирж байв. Оюутан ахуй цагаасаа л амь нэгтэй үерхсэн. Ааяагийнх манайтай зэргэлдээ байранд байдаг. Гэр бүлийн хүн нь бас л манай анги. Одоо Соёл урлагийн их сургуульд багшилдаг. Тэр бүр хүнд хэлээд байдаггүй нарийн нандин зүйлээ би Ааяадаа л хэлнэ. Тэгэхээр миний хамгийн дотны найз байгаа биз. Бөө болчихсон гэдэг нь огт худлаа. Тэр бүү хэл, Ааяа бид хоёрыг архинд орчихсон гэнэ. Хөгжмийн зохиолч Т.Найданжав гэргийгээ жүжигчин Алтанцэцэгээс салгах гэж зовж байна гэж шар хэвлэлд бичсэн шүү дээ.
-Анхны тоглосон кино…?
-”Мандах нарны туяа”-гийн Гүнсэлмаагийн дүрд тоглосон. Намайг чинь оюутан байхад "Ардын элч”-ийн Ариунаа буюу гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн гуайтай адилхан гэдэг байв. "Мандах нарны туяа”-гаас хойш Ж.Бунтар гуайн "Булингар” гэж кинонд тоглосон. Жигжидийн Биндэр "Орлон” кино студи байгуулж "Хүйн холбоо” тэргүүтэй хоёр, гурван кино хийхэд бүгдэд нь тоглож байв. Уул нь би чинь багагүй олон киноны гол ба туслах дүр бүтээсэн. Гэхдээ "Хэцүү анги”-ийн Сүнжид багшид тоглотол тэр бүр хүмүүсийн сэтгэлд хоногшиж үлдээгүй байсан юм билээ. Харин Сүнжид багшийн дүрийг бүтээснээс хойш хүн бүр л тийн нэрийдэх болсон. Сүүлдээ өөрийнхөө нэрийг ч мартахад хүрсэн шүү. Олны хайртай ийм жүжигчин болсныгоо их урлагийн өргөөнд хөл тавьсны бахархал гэж ойлгодог.
Сүнжид багш бид хоёрын яриа энэ хүрээд өндөрлөлөө. Найдан ах юм хумаа янзлаад жин тан болгочихсон бололтой царай зүс нь гэрэлтчихсэн, уядуухан орж ирээд "За та хоёрын яриа хөөрөө болох янз байна уу” гэв. Болсоон болсон гэхэд, гурвуулаа нэг ресторанд орчих уу гээд хариу ч хэлэхийн завдалгүй нэг тийшээ сүнгэнэчихлээ.
Хөдөө гадаанаас зочид ирэхээр бид хоёр энд оруулж ирж цайлдаг заншилтай гээд нэгэн ресторанд оров. Үйлчлэгчид нь андахгүй юм аа, Найдаа ах, Сараа эгч гээд. Тэнд хооллочихоод гэрт нь хүрээд очлоо. Хэдэн хайрцаг CD үүднийх нь өрөөнд хураалттай байж байна. Гадуур давхиж явахад Найдаа ах руу нэг дүү нь яриад, хүргээд өгчих үү гээд байсан нь уг CD-г хэлсэн бололтой.
Хөгжмийн зохиолч маань нэг дор хоёр цомог гаргаад ёстой дүнжгэрхэн байна аа. "Хүрээ аялгуу”, "Сайхан хайр” хэмээх хоёр цомгийнхоо дээжийг номын сангийнхаа дээд тавиур дээр их л хүндэтгэлтэйгээр тавьсан нь уран бүтээлдээ хэрхэн ханддагийн илэрхийлэл байлаа. Хөгжмийн зохиолчид зовж зовж төрүүлсэн дууныхаа уран бүтээлийн цомгийг гардан авах сайхан байдаг. Нэг л амаржчихсан эх шиг л байдаг гэж хэлээд өнөө хоёр цомгийнхоо дээжээс хоёр гардан барилаа. "Хүрээ аялгуу”-д нь ардын дууны өнгө, "Сайхан хайр”-д нь орчин үеийн поп дууны айзам хэмнэлийг шингээхийг эрмэлзсэн дээ гэж өгүүлж байлаа.
Мань хүнийг зүгээр нэг нийтийн дуугаар төсөөлж боломгүй санагдана. "Талын шуурга”, "Говийн намар” гээд симфони оркестртой бүтээсэн дан хөгжмийн бүтээлүүд байдаг. Мөн "Улаан зурвас” зэрэг хэд хэдэн кино зохиолын хөгжим ч бий ажээ.
Тэрээр төгөлдөр хуурынхаа ард суулаа. Дөнгөж саяхан гараад байгаа шинэхэн бүтээлээ сонсгоё гээд суусан нь энэ. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Намбарын Пүрэвийн "Эрвээхэй шанзны эгшиг” хэмээх шүлгэнд аялгуу хийсэн байна. "Бүтээл төрөх агшин юутай гайхамшиг” гэж хэн нэгэн дуун алдсан байдаг. Түүн лүгээ адил өнөө цаг үед жин дарах цөөхөн хөгжмийн зохиолчийн нэг тэрээр шинэхэн бүтээлийнхээ ая данг ёстой нэг урсган сонсголоо.
Тухайн агшинд мань хүн төгөлдөр хуурынхаа ардаас хэчнээн удаа нүдэндээ нулимстай боссон бол хэмээх хийморилог бодол төрж байсныг нуух юун. Намбарын Пүрэв найрагч гэснээс Сараа эгчийг Сүнжидийн дүрийг бүтээсний дараа "25 дугаар суваг” телевиз "Чи надаас, би чамаас” нэвтрүүлэгт орохыг урьжээ. Хэнтэй орох вэ гэж асуусан байна. Яруу найрагч Пүрэвтэй оръё гэж хэлжээ. Уг нэвтрүүлгийг үзсэн хүмүүс дараа нь "Сараа чи ямар тэнэг юм бэ. Тэр нэвтрүүлэгт олны танил хүнтэй ордог байгаа даа” гэж зэмлэсэн аж. Үүнд гэрийн эзэгтэй ихэд дургүй байгаа юм.
"Хүмүүс ямар аймаар амбийцтай юм бэ. Над шиг ойр дотны хүнтэйгээ ордоггүй юм байна. Томоохон төрийн түшээд юм уу, нэртэй бизнесмэнүүдтэй хамт орж нэр төрөө өсгөдөг юм байна. Тэр надад хамаагүй” гэж суусан. Энэхэн бичил ярианаас Сүнжид багш гэж хэн бэ гэдэг нь тов тодорхой харагдаж байгаа юм. Хамт орсон найрагч залуу нь нөхөртэй нь хамт "Нутгаа санаад уйлдаг сэтгэл” зэрэг олон сайхан дуу хийсэн уран бүтээлч л дээ.
Номын санг нь сонирхох зуураа Найдан ахаас "Хөгжмийн зохиолчид багштай л байдаг байх. Таны багш гэвэл ямар хүн байна” хэмээн асуухад, шуудхан "Гончигдамбын Дарамзагд гэж аугаа "амьтан” байлаа шүү дээ. Тэр хүний отгон шавь нь би юм шүү” гэв. Мөн дахиад нэг хүнийг онцолж хэлсэн нь Москвагийн хөгжмийн дээд сургуулийг онц төгссөн С.Ооёо ажээ. "Тэр хоёр хүн л надад хөгжмийн бүх онолыг заасан даа. Би чинь зүгээр нэг инженер л хүн шүү дээ. Хөгжмийн ямар нэгэн сургууль соёл дүүргээгүй. Унаган авьяасаараа л хөгжим бичиж байгаа нэгэн” гэж багш нараа болоод өөрийгөө тодорхойлсон юм.
Эдний гэр бүлд шинэ жилийн баярыг бусдаас онцгой тэмдэглэдэг, яг шинэ оны эхний өдөр уулан дээр гарч хийморь лундаагаа сэргээдэг бичигдээгүй хууль байдаг гэнэ. Хүүхдүүд нь ч нэгдүгээр сарын нэгэнд аав ээжийгээ дагаад Тэрэлж рүү явдаг байна. Өндөр уулын орой дээр гарч бяцхан ёс үйлддэг байна. "Уулын орой дээр сансрын эрчим хүч, энерги илүүтэй хуралддаг. Тиймээс бид хоёр хүүхдүүдээ, сүүлийн үед ач, зээ нараа аваад явдаг. Үнэхээр хийморь лундаа сэргэх шиг болдог шүү” гэж байсан.
Хөгжмийн зохиолч, олны хайртай жүжигчин хоёртой энэ тэрийг ярилцаж суухуйд том охин Бүжинлхам охиноо дагуулаад хүрээд ирлээ. Маралаа хэмээх гурван настай охин эмээ өвөөгийн жинхэнэ амин эрдэнэ ажээ.
Тэрээр үүдний цаадах жижиг өрөөнд орчихоод гарч ирдэггүй. Эмээ нь дуудаад, сүүлдээ арга цөхрөөд өөрөө очив. Гадны хүн надаас зовоод байна даа гэж бодтол үгүй юм байна аа. Сахилгагүйтээд нүд амаа ээжийнхээ будгаар будчихаж. Тэгээд ичээд том өрөөнд орж ирэхгүй байсан юм байна. Сараа эгч хотод төрсөн ч аав ээжийнхээ төрөлх нутаг Булган хангайгаар овоглодог юм байна. Бүр тодруулбал, Ханддорж овогтой гэнэ. Чин Ван Ханддоржоор ургийн овгоо авсан нь учиртай гэнэ. Гэрийн эзэгтэйн ээжийн аав өвөө нь Дагва гэж хүн байжээ. Тэрхүү Дагва Чин Ван Ханддоржийн өргөмөл хүү байсан юм билээ.
Тэднийхээс гарахын алдад Сүнжид багшийн дүрээр олны танил болсон жүжигчин эмэгтэй нэгэн нандин зүйлээ авчирч үзүүлсэн нь хөгшин ээжийнх нь торгон дээл байсан. Хүн харахад үнэ цэнэтэй эд биш ч гэсэн надад энэ дээл юутай ч зүйрлэшгүй үнэт эрдэнэ дээ гэж хэлсэн үгнээс нь аз жаргалын гэрэл гэгээ цацарч байлаа. Энэ мэт олон сайхан дурсамж дурдатгалыг сөхөж, нэртэй хөгжмийн зохиолч, олны хайртай жүжигчнийд өнжсөн юм.