Дэлхийд мэргэжлийн хөл бөмбөггүй хоёрхон орон байдгийн нэг нь манай улс. Янз бүрийн мэргэжилтэй, хөлбөмбөгт сонирхолтой хэдэн нөхдүүд нийлж шигшээ багаа бүрдүүлдэг. Тив, дэлхийн тэмцээнд хүч үзээд байгаа хөл бөмбөгчид маань тийм л хэдэн хүний бүрдүүлсэн шигшээ баг шүү дээ.
Гэхдээ тэр хүмүүс хөлбөмбөгийн төлөө сэтгэл зүрхээ зориулж, Хойд Солонгосын хүчирхэг багийн хаалганд гоол оруулаад амжсан байна. Харин хөлбөмбөгт элэгтэй, дуртай сонирхогчид нэгдэж шигшээ баг байгуулдаг байдал хэдхэн жилийн дараа үгүй болж магадгүй нь.
Үүнийг Монголын 13 хүртэлх насны шигшээ багийн тамирчдын амжилт харууллаа. Тэд Азийн хөл бөмбөгийн холбооны фестивальд амжилттай оролцоод өнгөрсөн долоо хоногт ирсэн. Бээжин хотоос холгүй орших "Үндэсний хөлбөмбөгийн бэлтгэлийн төв”-д дөрөвдүгээр сарын 22-28-нд болсон наадамд Монгол, БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ, Хонконг, Тайвань, Гуам, Макао гэсэн есөн улсын баг өрсөлджээ.
Монголын шигшээ багийн менежерээр М.Амарбаясгалан, ерөнхий дасгалжуулагчаар Ч.Мөнхбат, туслах дасгалжуулагчаар Д.Эрдэнэ-Очир, эмчээр О.Болороо нар оролцсон юм. Фестиваль хоёр үе шаттай болсон. Баг бүр 22 тоглогчийн бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд эхний шатанд 11,11-ээрээ хоёр баг болон хуваагдсан юм.
Энэ шатны тоглолт 30 минутаар нэг үе үргэлжилсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 24-нд Монголын нэгдүгээр баг Макаогийн нэгдүгээр багтай 0:0, Монголын хоёрдугаар баг Тайванийн хоёр дугаар багтай 1:1-ээр тэнцсэн. Тайваньтай хийсэн тоглолтод УБДС-ийн довтлогч А.Тэмүүжин 20 дахь минутад гоол хийж, 1:0-ээр тэргүүлж байсан ч тоглолтын сүүлийн минутад гоол алджээ.
Хэрвээ багахан л хамгаалсан бол хожих боломж байлаа. Тайвань бол мэргэжлийн хөлбөмбөг хөгжсөн орон. Тэгээд ч Хятадын харъяа гэдэг утгаараа Азидаа дээгүүрт ордог. Тийм улсын багтай тэнцэнэ гэдэг муугүй үзүүлэлт. Хожих ч боломж байсан. Харин тэр өдөртөө Монголын нэгдүгээр баг хоёр дахь тоглолтоо Японы нэгдүгээр багтай хийж, 0:9-өөр хожигдсон юм. Гэхдээ л тэмцээнийг зохион байгуулагчид манай улсын шигшээ багийг ихэд үнэлж байсан гэнэ.
Тэр дундаа Азийн хөлбөмбөгийн холбооны Хөгжлийн болон хүүхдийн мэргэжилтэн Аннатурай Ранганата Монголын багийн ахлагч, Ж.Цогт-Очирыг ихэд үнэлж, ирээдүйтэй сайн тамирчин хэмээсэн байна. Мөн манай тамирчинтай хөлбөмбөг тоглож, дурсгалын зураг татуулсан аж. Боломж гарвал Азийн томоохон багуудад тоглуулж болох талаарч жич ярьсан бололтой.
Харин дөрөвдүгээр сарын 25-нд манай хоёрдугаар баг БНАСАУ-ын хоёрдугаар багт 0:6-гаар дийлдсэн ч нэгдүгээр баг Гуамын хоёрдугаар багийг 3:0-ээр илүүрхжээ. Манайхаас О.Билэгт, Ж.Цогт-Очир, Б.Намсрай нар гоолдсон байна. Энэ өдрийн Монголын гурав дахь тоглолтыг хоёрдугаар баг хийж, Хонгконгийн хоёрдугаар багтай 0:0-ээр тэнцсэн аж. Бас л хүчтэй өрсөлдөгч.
Харин 27-нд фестивалийн хоёрдугаар шат эхэлсэн. Энэ шатны тоглолт талдаа 30 минутаар хоёр үе үргэлжилсэн бөгөөд үе бүрт нэг, хоёрдугаар баг нь гарч тоглосон аж. Энэ өдөр Монголын шигшээ БНАСАУ-ын багт 0:7-гоор ялагдсан хэдий ч үзүүштэй сайхан тоглолт үзүүлсэн байна. Дөрөвдүгээр сарын 28-нд манай шигшээ дэлхийд дээгүүрт бичигдэж байгаа БНСУ-д 0:9-өөр хожигдсон ч сүүлчийн тоглолтдоо Макаог 2:0-ээр ялжээ.
Өнөөх л Ж.Цогт-Очир, О.Билэгт нар гоол оруулсан. Энэ хэдэн тоглолтоос харахад манай улс 10 жилийн дараа Азид битгий хэл дэлхийд өрсөлдөх чадвартай хөлбөмбөгчидтэй болохоор байна. Мэргэжлийн хөлбөмбөг ч хөгжих бүрэн боломжтой. Азийн лигээс авахуулаад дэлхийн том том лигүүдэд монгол тамирчин тоглохыг ч харах боломж байна. Дуулианы эзэд цаашид ч дуулиан тарих нь дамжиггүй.
|